Хуулийн этгээдийн хэлбэр сонгох

Хуулийн этгээд  байгуулахаар шийдсэн бол ХХК, ХК, ТББ, Хоршоо, Нөхөрлөл хэлбэрүүдээс сонгоно. Эдгээр нь өөр өөр шалгууртай. Тэгэхээр та өөрийн зорилго, алсын хараагаа бодолцож тунгаасны дараа шийднэ гэсэн үг. Гэхдээ олонх нь ХХК-г сонгодог бөгөөд компанийг нэг ч хүн ч байгуулж болно.

Одоо бол цахимаар компани байгуулах боломжтой болсон.

Нэрээ сонгох

Эхлээд нэрээ авна. Нэр давхардаж магадгүй учраас 5-6 нэр бодож очихыг зөвлөе. Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэсэгт очиж нэрээ давхардаж байгаа эсэхийг тодруулна. Нэрээ сонгоод баталгаажуулалт хийлгэнэ. Компани бол галигаар нэр авч болно. Нэр сонгохдоо юу анхаарах талаар дэлгэрэнгүйг эндээс уншаарай

Түр данс нээлгэх

Сонгосон банкин дээрээ нэрийн хуудас болон үүсгэн байгуулагч нь өөрийн биеэрээ бичиг баримттайгаа, олон үүсгэн байгуулагчтай бол захирлаар ажиллахаар шийдвэрлэсэн хүн очно. Эсвэл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болно.

Бичиг баримтаа бүрдүүлэх

Нэр баталгаажиж, түр данстай болсны дараа улсын бүртгэлийн ажилтан бичиг баримт хүлээн авна. Хуулийн этгээдийн хэлбэрээс хамаарч бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт нь өөр байдаг. УБЕГ-т та иргэний үнэмлэх, шаардагдах мөнгө, түрээсийн гэрээтэйгээ (ажлын байртай бол) очиход хангалттай. Шаардлагатай бичиг баримтын загвар маягтуудыг эндээс татаж аваарай.

Компанийн хаягтай болоогүй бол гэрийн хаягаа бичсэн ч болно. Иргэний үнэмлэх дээрх хаяг өөрчлөгдсөн бол шилжсэнийг батлах хуудсаа заавал авч очоорой. Эсвэл E-Mongolia системээс авч болно. Түрээсийн гэрээтэй бол үүсгэн байгуулагчийн нэр дээр байгуулсан гэрээ байх ёстой.

Үүсгэн байгуулагчийн шийдвэрт тусгах мэдээлэл:

  • Компани үүсгэн байгуулах тухай
  •  Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/
  •  Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг,
  •  Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар, /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/
  •  Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх

Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.

Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх
  • ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.

Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:

  • Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/  гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.

Тэмдэгтийн хураамж, хөлс

  • Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 10,000 төгрөг /Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт/
  •  Тэмдэгтийн хураамж 44,000 төгрөг /Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт/
  • Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох үйлчилгээний хөлс 10,000 төгрөг /Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт/

Тамгаа захиалах

Тамга Соёмбо тамгаас лав 30 минутын дотор гарна. Бас авч явахад авсаархан хэлбэртэйгээр захиалж болно. Бага зэрэг илүү үнэтэй л болно. Хүрээнийх нь хээг болон тойрог юм уу дөрвөлжин гэдгээ, улаанаар эсвэл хөхөөр дарагдах уу гэдгийг сонгож болно. Энгийн тамга 45 000 төгрөг байна.

Дансаа баталгаажуулах

Анх байгуулахдаа дансаа нээлгэх бол компанийн аль нэг ажилтан ирээд нээлгэж болно. Энэ данснаас гүйлгээ гарах боломжгүй юм. Гэрчилгээ гарч, тамга тэмдгээ авсны дараа дансаа баталгаажуулах үед компани байгуулах шийдвэрээр томилогдсон хүн буюу гарын үсэг зурах эрх мэдэлтэй хүн тамгатайгаа ирээд гарын үсгээ баталгаажуулаад гэрээгээ байгуулдаг. Энэ үед нэгдүгээр гарын үсэг, хоёрдугаар гарын үсэг гэж баталгаажуулдаг. Тэр үедээ зөвхөн нэгдүгээр гарын үсгээр гүйлгээ хийгдэх үү, хоёуланг нь хамт зурж байж гүйлгээ хийгдэх үү, аль нэг нь байхад л гүйлгээ хийж болохоор эрх мэдэлтэй байх уу гэдгийг шийдээд гэрээгээ хийдэг.

Анхаарах нь
  • Нэрээ авснаас хойш 30 хоногт бүртгүүлэх хуультай.
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас 14 хоногийн дотор харьяа дүүргийнхээ Татварын газарт татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой.

 

Эх сурвалж: https://business.mn/2022/08/26/yaaj-kompani-baiguulah-ve/