Барилгын зургийн даалгаварыг маш зөв зохион байгуулалттай өгөх нь барилга угсралтын явцад асуудал бага гарахад маш чухал үүрэгтэй. Иймд зураг төслийн инженерээр анхлан сурч буй иргэдэд зориулж энэ төрлийн зөвлөгөө болон Монгол дахь барилгын зураг төслийн ажлын зарчмыг танилцуулж байна.
- Эхний ээлжинд аль нэг зураг төслийн туршлагатай инженерт кад оператороор ажиллах. Оюутан байхдаа эхэлбэл бүр сайн.
- Норм, дүрмүүдийг уншиж, ойлгож, тогтоож байх
- Норм, дүрмүүдийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байх
- Мэргэжлийн ном, товхимол уншиж байх
- Цахилгаантай холбоотой төрөл бүрийн хэвлэл, мэдээллийн эх үүсвэр уншиж байх /монгол хэл дээрх мэдээлэл цөөн байдгаас гадаадын эх үүсвэрүүдийг судлах./
- Зургийг жижиг гэж гололтгүй хийж эхлэх. Нэг өрөөний өөрчлөлтийн зураг ч жагсаалт, тайлбар, түүвэр, тойм, байгуулалт, таних тэмдэг гээд бүрэн ажлын зураг болж чадна.
- Үйлдвэрлэгчийн каталогиудыг сайн судлах
- Зохион байгуулагдаж буй семинаруудад суух (ИЕК, Schneider зэрэг компаниуд байнгын семинар зохион байгуулж байдаг)
- Гадаад болон дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцож байх
- Үйлдвэрлэгчийн инженерүүдтэй бүтээгдэхүүний талаар нь зөвлөлдөж байх
- Гар доор бэлэн норм, дүрмүүдтэй болох
- Мэргэжлийн программуудыг ашиглах чадвараа сайжруулах (AutoCad, Dialux, Excel г.м.)
- Таны зурсан зураг, бусад хүмүүст ч мөн адил ойлгомжтой байх ёстой. Тиймээс төсөл дээр байгаа шугам, үсэг, тоо бүхэн үндэслэлтэй байх
- Шаардлагатай мэдээллийг норм, дүрэм болон интернетээс хурдан олж сурах (бүхнийг мэдэх биш хэрэгтэй зүйлээ хаанаас олохоо мэддэг байх нь чухал)
- Зураг төсөлтэй холбоотой хууль дүрмийг судлах
- Ажлын зураг бүр, объект бүр өөр өөрийн онцлог шинж чанартай. Орон сууц, оффис, сургууль, эмнэлэг, усан бассейн, үйлдвэрийн цех г.м барилгууд тус бүрдээ өөр өөр тооцооллын арга, тус бүрийн норм дүрэмтэй байдгийг санаж байх, зураг төсөл эхлэхээсээ өмнө тухайн объектод харгалзах норм дүрэм, заалтуудыг судлаад жагсаалт гаргах. Тухайлбал, цэцэрлэгийн барилгад розетка, самбаруудыг 1.8м-с дээш суурилуулах бол оффист технологийн байгуулалтаас хамаарч суурилуулах өндөр нь харилцан адилгүй байх г.м.
- Зураг эхлэхээс өмнө байгуулалтаа сайтар судлах. Гол шугам хаагуур явуулах, самбарууд хаана байрлуулах, босоо шугам хаана явуулах г.м
- Өрсөлдөх чадвар сайтай байх. Ганцаараа тухайн байгуулалт дээр ажиллаагүй гэдгийн байнга санаж байх.
- Нэн түрүүнд гол шугам, кабелийн тавиур, самбарын байрлалыг хамгийн ашигтай байрлалд төлөвлөж бусад инженерүүдэд даалгавар өгч чадсанаар сүүлд хаана байрлуулах вэ гэж толгой гашилгаж суухаас сэргийлж чадна.
- Тэмдэг тэмдэглэгээ, зураасны өргөн нь “МNS 3757-16 2007 Цахилгаан тоног төхөөрөмжийн таних тэмдэглэгээ”-ний дагуу байх.
- Бичвэр, шрифтүүд нь аль ч хуудсанд нэгэн жигд байх. Боломжтой бол стандартын дагуу хэвлэсний дараа 2,5мм өндартэй байх (250-аар бичих).
- Харамсалтай нь зураг төслийн инженер гэсэн тусдаа хичээл, сургалт огт байдаггүй. Тиймээс хүн болгон өөр өөрийн гэсэн тэмдэглэгээ ашиглаж анх зураг зурж байгаа хүмүүсийн толгойг эргүүлж орхих нь элбэг. Эксперт болгонд шалгаж буй зурганд тавигдах шаардлага өөр өөр байх тохиолдолд ч бий. Иймд өөрийнхөө зурсан зургийг нормын дагуу гүйцэтгэсэн бол хамгаалах хэрэгтэй.
- Экспертүүдтэй аль болох олон уулзаж, зөвлөлдөж байхыг эрмэлзэх нь чухал. Өөрийнхөө чадварыг дээшлүүлээд зогсохгүй дараагийн ажлын санал олох боломж гардаг.
via https://www.barilga.mn/n/9816/