Интерьер гэдэг нь дотоод гэсэн утгатай франц үг юм. Иймд дотоод засал чимэглэлийг интерьер дизайн гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг юм. Хивс, хөшиг, тавилга, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө зэрэг нь цөм интерьерийн бүрэлдэхүүн хэсэг болно. Интерьер чимэглэл гэдэг нь түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхой зорилгоор анхааралтай зохицуулах, санаандаа хүрэхүйцээр нийцүүлэхийн нэр юм. Ихэнх хүмүүс интерьер заслыг зөвхөн өрөө тасалгаа, гэр орныг чимэглэх явдал гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд буюу интерьер дизайнерууд нь сургууль, албан байгууллага, номын сан, зочид буудал, жуулчны бааз, дэлгүүрийн интерьерийг ч төвөвлөн зохион бүтээдэг байна.

Интерьерт зориулсан дизайны төлөвлөлтийн хөгжлийн явцад дизайнерууд хэрэглэгдэх орон зай дахь бүх зүйлийг тодорхойлох ёстой болсон. Дизайнерууд хэн энэ орон зайг хэрэглэх гэж байгаа, ямар сэтгэхүйтэй байх вэ зэргийг эргэцүүлэн бодох хэрэгтэй болдог байна. Интерьер чимэглэл нь интерьер архитектурын хэлбэр, онцлог шинж болон дотоод орчны стильтэй холбоотой төдийгүй ойр дотно ойлголт юм. Жишээ нь: цонх, арк, шат, зуух зэрэг нь интерьер архитектурын хэсэг юм.

Хэрэв архитектурын хийцийн зарим онцлог нь дизайны шийдэлд тохиромжгүй байвал дизайнерууд тавилга, өнгө болон бусад аргаар нуун далдлахаар зурж төлөвлөдөг байна. Заримдаа өөр аргаар буюу дизайны шийдэл гаргахдаа архитектурын элементийн онцлогийг дур булаасан, анхаарал татсан байхаар шийдвэрлэдэг байна. Дизайнерууд өөрсдийн шийдлийг интерьер архитектур аль болох зохицсон байдлаар шийдвэрлэхийг хичээдэг байна.